Сэтгэхүй боловсроогүйн үзэгдэл

Б. Ринчен“Хөдөлмөр” No.146, 1969.12.4

Хүн төрөлхтний хэл судлагч эрдэмтэн, нэгэн үзэгдэлд «сэтгэхүй боловсроогүйн чанар» гэж нэр өгсөн зүйл бий. Энэтхэгийн далайн нэгэн аймаг угсаатны хэл, мөн Өмнөд Америкийн нэгэн хэсэг Индиан аймгийн хэл судлагсад галуу ,нугас, харцага, богширго зэргийн шувууны нэр, царс, улиас гэх зэргийн модны нэр тэргүүтнийг тэмдэглэж, хэлий нь судалж байхдаа, харцага, богширго гэх зэргийг төрлөөр нь шувуу буюу, жигүүртэн, нарс, царсыг төрлөөр нь мод гэх зэргийн тэр төрлийн юмыг хийсвэрлэж, нийтэд нь өгсөн нэр байхгүйн үзэгдэлтэй тохиолдож, тухай тухайн юманд оноосон нэр байгаад еренхийд нь өгсөн нэр буюу нэг нэг зүйлд нь хийсвэрлэн бодож, тэр төрлийн юм гэсэн нэр өгч чадах боловсролын хэмжээнд хүрч чаддаггүйг ажиж, «сэтгэхүй боловсроогүйн чанар» гэж нэр өгчээ. Нарснаас нарс л үржин ургахаас, царс болдоггүй. Богширгоос богширго л гарахаас харцага болдоггүй. Харцага нь богширгоо барьж идчихдэг тул, яаж нэгэн төрлийн нэр болохов? гэж цаадуул нь тэр төрлийн юмны нийтийн нэр бий юу? гэхэд нь гайхдаг байжээ.
Ийм үзэгдэл, гагцхүү боловсрол буурай аймаг угсаатанд л байдаг үзэгдэл биш, аль ч улсын боловсрол нимгэн давхаргын хүмүүст байдаг үзэгдэл юм гэж сүүлд үзэх болжээ.Манайд энэ үзэгдэл бий юу? гэвэл, нийт улсын сургуулийн насны хүнийг хамарсан бага дунд сургуульд орж боловсроогүй, гагцхүү цагаан толгой заалган «тайлагдсан» нэгэн хэсгийн дунд энэ үзэгдэл элбэг тохиолдож байна. Жишээлбэл, хүнсний дэлгүүрт ороход, сүүний фермээс ирсэн бидонтой сүүгээ сүү гэж мэдэх боловч, гадаадаас авч ирсэн лаазтай сүүг сүү биш «молок» буюу «молкоо» гэж суудаг худалдагч эөндөө! Ерөнхий боловсролгүй тэдгээр худалдагчийг дагаад, бага дундад сургуулийн боловсролгүй хижээл насны хүмүүс бас лаазтай л бол сүү биш «молкоо» гэж бодож, «молкооддог нь «молоко» гэж оросоор даруй «сүү» гэсэн үг гэж ухаараагүйн гэрч нь бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах тухай тогтоол төлөвлөгөөнд сум нэгдлийн цөцгийн тосны төлөвлөгөө гэж хэвлэл сонинд үргэлж ярьж байдаг боловч, үнээгээ саагаад, сүүгээ машиндаж, цөцгийгөөр нь цөцгийн тос боловсруулсныг дэлгүүрт гараад ирэхэд худалдагч нар нь түүнийгээ «маасал, маасол» гэж нэрлэхээс «масло» гэж тос гэсэн гадаад нэгэн улсын нэгэн нэр юм, монголоор «тос» гэсэн үг гэж ухаардаггүй нь мөн л өнөөх «сэтгэхүй боловсроогүйн чанар» илрэн үзэгдэж, ардын сүү боловсруулах арганд «тос» гэдэг ухагдахуунд «цагаан тос», «шар тос», «өөхийн тос» гэх зэргийн хэдэн зүйл тос байдгийн дээр улс ардын аж ахуй хөгжөөд ирэхэд урьд хийдэггүй «цөцгийн тос» хийх болсон нь мөн л «тос» гэдгийн нэгэн зүйл, ерөнхийлбэл «тос», тусгайлж ялган нэрлэвэл «цөцгийн тос» гэж нэрлэдэг болж сонин хэвлэлд «цөцгийн тос» гэдэг тусгай нэртэй болсныг сонин үзэвч, сэтгэхүйд нь шингээгүйн гэрч бөгөөд, анх машин тэрэг буй болоход машин тослодог тосыг ерөнхий боловсролгүй анхны жолооч нар «масло» гэж жолоо барих сургагч нараасаа сонсоод, орчин үеийн улс бүхний хэлэнд тэр зүйлийн нэр буйг мэдэхгүйн учир, өөрсдийнхөө идэж үзсэн цагаан тос, шар төс, өөхийн тос шал өмнөө, тусгай юм гэж хэлний болон ерөнхий мэдлэг нимгэн учраас «маасал» гэж тосл гэсэн юм гэж ухаараагүй өнөөх л «сэтгэхүй боловсроогүйн чанар» үзэгдэж байгаа хэрэг. Манай сургуульд ургамлын судлал үзэхдээ алим гэдэг жимс, алимын мод гэдэг ургамлын тухай үздэгийн дээр ардын дуунд: Алим гэдэг жимс, Амаар дүүрэн шимүүстэй гэдэг. Тэгтэл, одоо манай улсын жимс, жимсгэний станцаас алим ургуулан боловсруулж,түүнийг шилэн саванд «алимын жем» гэдэг хаяг нааж худалдаанд шилжүүлдэг болсон байхад, боловсрол нимгэн худалдагч нар түүнээ алим гэж мэдэхгүй, лангуугаардүүрэн алим өрөөд, алим байна уу? гэхэд байхгүй! гээд, цаадах чинь юу вэ? гэхэд яавлагаа! гэж, тэдний амыг дагаад ерөнхий боловсролгүй хүмүүс бас «яавлагдаж» байдаг нь алим гэдэг жимсээ танихгүй нь, ардын аман зохиолд «азрагаа унаад,азрагаа эрж явсан» гэдэг үлгэрийн адил болж байгааг нийтийн боловсрол өндөр болж байгаа цагт «яавлагдагч, маасалчингууд» хэлнийхээ боловсролын талаар бодууштай болж, дэлхий нийтийн олон улс бүхэнд байдаг нэрийн зүйл, тэр боловсролын шатанд хэдийнээ хүрсэн монгол хэлэнд бас бийг бодож байгууштай байна.
Сэтгэхүй боловсроогүйн олон зүйлийн илрэлийг ажиглаж болно. Үүнд, дээрх зүйл, гадаад хэл мэдэхгүйн учраас, гадаад хэлний нэрийн зүйл нь монгол хэлэнд маань бас нэр бүхүйг ухаараагүйн улмаас «яавлагдах» нэг нь алим гэдэг жимсээ таниагүй, «молкооддог» нэг нь сүүгээ таниагүй, «остоолддог» нэг нь ширээгээ таниагүй явж байгаа бол орчуулагч нарын дунд оросоос монгол болгохдоо, орос хэлний өгүүлбэр бүтэх ёс, монгол хэлнийхээ өгүүлбэр бүтэх зарчмыг ухаарах хэмжээнд хүрээгүйгээс монголоор утга санааг нь шал буруу орчуулаад, тэр буруу орчуулснаа монголоор боддог уншигчид огт утгагүй буюу гаж буруу утгатайгаар ухаардаггүй нь мөн л аанай өнөөх «сэтгэхүй боловсроогүйнхээ чанар» олны өмнө илчлэн үэүүлж байдаг байна. Энд ганцхан жишээг дурдвал Төв шуудангийн баруун талын шилэн гуутай үзвэрийн самбарт Вьетнамын тухай гэрэл зураг гаргасны нэгийн тайлбарт нь энэ арван нэгэн сарын турш дэлгээстэй байгаа нь «Түрэмгийлэгч ба эх орноо худалдсан урвагчдын хувь заяа» гэж бичээстэй нь «түрэмгийлэгч ба эх орноо худалдсан» гэж түрэмгийлэгчийгээ ч худалдсан, эх орноо ч худалдсан» гэж утгагүй буюу буруу тайлбар байгааг энэ завсар үй түмэн хүн үзэн гайхсан байх. Оросоор «Судьба захватчиков и предателей продавших родину» гэсэн байх гэж орос хэл мэддэг хүн тааж «түрэмгийлэгчдийн болон эх орноо худалдсан урвагчдын хувь заяа» нь гэснийг орос хэлний өгүүлбэрийн үгийн дэс дарааг ухаараагүй бөгөөд, монголоороо утга санаагий нь ухааран бодож чадаагүй «сэтгэхүй боловсроогүйн чанар» бүрэн төгс орчуулагч уг зургийн тайлбарыг утга санаагий нь шал гажуу буруу болгож дээ гэж тэр зургийг монгол үзэгчиддээ зориулсан газрыг хөөрхийлэлттэй байна. Гудамжаар шалдан явдаг хүн байвал, ямар муухай юм бэ? гэж хүн бүгд жигшдэгтэй адил, улс монголынхоо хэлний хувьд шалдангуудыг орчин үеийн боловсролт монгол улсын хүн бас л жигшин үзэж, хэлнийхээ боловсролыг бодууштай нь, улсын маань хөгжлөөс шаардагдаж байна шүү!