
(Энэ материалыг өөрийнх нь бичсэн гурван үеийн намтраас авав)
Миний өвөг эцэг эртний Йөншөөв овогт Бямбаагийн Буд
(1842-1913) хар бичин жил Түшээт хаан аймгийн Буурын голд төрсөн гэдэг. Тэр үеийн хошуу засгийн нэрийг багадаа сонсч явсан боловч, нас ахиж мартамхай болоод санаанаас гарчээ. Тэр ч байтугай 1924 онд хойшоо сургуульд явахдаа авгатайгаа Буурын голд өвөг эцгийн өвөлжөөн дээр хүрэлцэн очиж, арцаарсан тавиулан, чулуунаас нь авч явсан минь одоо хүртэл санаанд байдаг боловч,тэрнээс хойш тэр хавиар яваагүй тул, одоо очоод олохгүй байх.
Мянга найман зуугаад оны үеэр нэг их зуд болж, өвөг эцэг үхэр, хонь ямаагаа үхүүлж, бэрх байдалд ороод гэр бараагаа хэдэн тэмээнд ачиж, хэдэн адуутайгаа монгол Хяраанаар дамжин орос Хяраан орж тэндээс Их нуга гэдэг газар хүрч, орос хааны нутаг хөвч мод сайтай, өнтэй сайхан алба татвар хөнгөн, Ар газраас урд гарсан Ач авгад, Харнуур, Хатгин, Цонгоол, Сартуул омогтон амарсайхан суудаг гэж хэлэлцэж байсан цаг, бас Өндөр гэгээнээс Оросын нутаг амгалан, хойш орж нутаглахад үр хүүхдэд сайн гэсэн үгээр нүүж, хилийн хасаг цэргийн Цонгоол ястны Харьяастайн станц гэдгийг нэг зуун цэргийн дансанд Бужгай гэдэг нэрээ Бямбаагийн хүү Буд гэж оруулан, хасаг цэргийн албанд орж, ан гөрөө сайн учир үнэг, буга, хүдэр баавгай агнаж, орос торгово гэдэг худалдаачинд ангийн үс худалдан бог малтай болж, нутаг зохиод мал өсөөд, тэмээнд нутаг зохихгүй учраас дөрвөн хошуу малтай болсон гэдэгсэн. Эцгийн гурав гэдэгсэн. Тэдний Амгалан занги гэж нэг өвгөн миний багад явдагсан. Бас хэдэн эмгэд, авга эгч, охий гэж өвөг эцгийн садангийнхан гэж миний багад малгай гутал, дээл цагаан сараар бэлэглэн өгдөг байсан. Одоогийн Булган аймгийн Йөншөөвийнхний дунд түүний үр угсаа бий боловч, өвгөд эмгэдийн нэрийг мартаад, үр угсаагий ньодоо мэдэхгүй болж, төрөл мултарчихлаа гэдэг нь миний үед үзэгджээ.
Өвөг эцэг монголтой, бар бичмэлийн олон номтой, тэр дунд Ойрадын Зая бандидын Хар Эрчис, Аалайн хийдэд байх үед орчууллаа гэсэн модон барын сонин “Юм” гэдэг судартай; зуны бага сарын наймнаас арван таван хүртэл монгол “Юм” хур гэж зориутлан Буурын голд гэр барьж, нутгийн монголтой өвгөд харцуул долоон хоног монголоор уншдаг байсан нь, хуучин Түшээт хаан аймгийн нэг хэсэг нутаг, тэр уламжлал Өнжүүлд хүртэл монгол “Юм” мөн тэр үеэр харцуул уншдаг ёс гэмингийн үе хүртэл байсан уламжлалтай байсан нь надад сонин санагддаг.
Өвөг эцэг орос хэл, гагцхүү хасаг морин цэргийн команд төдий мэддэг тийм нэгэн малчин өвгөн залуудаа хилийн хасаг цэргийн харуулын албанд явалцаж байсан гэдэгсэн. 1918 оны зун Их нуга гэдэг нутагтаа морин тэргээр явж байгаад нас барсан. Богдын хүрээ Утай Намхай Будал, Гүмбүм гэдэг газар мөргөл хийж олон удаа явсан гэдэгсэн.
Миний эмэг эх Өрлүүд овогтой Бажий
(1835-1928) хөхөгчин хонин жилтэй, усан зүйл гэдэг газар төрсөн гэдэгсэн. Одоо Өвөрхангайн нутаг, чухам ямар сум болохыг мэдэхгүй. Түшээт хаан Гомбодоржийн хатны нэг аягачин охин, Өндөр гэгээнийг төрөхөд хөхнөөс нь сүү гарсан бэлэг зохиолдсон тул түүний удмын хүн гэлцдэгсэн. Тэгээд гурван жилд нэг удаа заавал Амарбаясгалан хийд орж мөргөлхийж, тэндээс Богдын хүрээ, мөн Утай, Намхай Будал гэдэг газар Богдын хүрээнээс Өрлүүд аймгийнхны мөргөлчинтэй явж мөргөл хийдэг, Хятад газар бас Жийдаан хуушааны сүм үзлээ гэж, Жийдаан хуушааны намтар үздэг тийм хүн байсан. Өвөр хошуу нутгаар явахдаа сурсан гэж утсаар зүү ороох, хатгамлахдаа сүрхий, уран гартай малчин эмэгтэй байсан. Үлгэр домог их мэддэг, Утай, Бээжингээр явснаа их ярьдаг нэгэн тийм эмгэн. Өвөг эцгийг нас барсан жил, намар нь өтөлсөн хойноо өвгөдийнхөө нутагт ясаа тавина гэж Хиагтын Наймаа хотын зүүнтээ, одооны Алтанбулаг хотын бууринд Дамбадугарын дуганы баруунтай, өргөөшөө хорин алд, уртаашаа наян алд газар, Заргачийн яамны хэмжин олгосон газар ахмад хүү Бадамцэрэнгийн хамт намаржин өвөлжиж, хойт намар нь гэмин ирээд, тэр газрын баруунтаа орос цэргийн модон хуаран байсан, гэмин цэрэг орж, цэргийн ойр байж болохгүй гэж нүүлгэж байсан.
Сүхбаатарын сэм хил давах үеэс таньдаг байсан. Хожим Хиагтын Наймаа хот ардын журамын цэрэг гэминг хөөн зайлуулахад Сүхбаатарын монгол цэрэгт хүч зузаатган Улаан цэргийнхэн ар талаас нь дэмжин туслана гэж тэр хавийн айлаа монгол нэхий дээл, малгай түр зээлэн, хормойд нь даавуун дээр дугаар тавин дотоод хормойд нь хадаж байхад өвөг эцгийн хоёр дээл, лоовууз түр хэрэглүүлэхээр өгч байсан билээ. Тэр хавийн ардууд цөм нэгэн адил дээл, малгай түр хэрэглүүлэн өгч байсан үе.
Намайг энд хотод байх үе 1928 онд нас барж, Буурын голын дээдсийн алтан өлгийд ясаа тавиулсан гэдэг. Насаараа мал, гэрийн ажил хийсээр явсан хүн.
Миний эцэг Раднаажав
(1874-1921) хөх хонин жилтэй, Буурын голд төрсөн гэдэг. Ах Бадамцэрэнтэй эцгийн хоёр хүү. ЭцэгБужгай, эх Бажийн хамт зудын жил элс, нарс модтой нөмөр дулаан өвөлжөөндбууснаа миний багад ярьдагсан. Хасаг цэргийн эр хүйст багачуулын дансанд бүртгүүлээд, Монголчуудын дунд Шивээ, оросоор Кяхта гэдэгт хэлмэрчийн сургуульд орж, тэндээсээ Богдын хүрээ орж хичээнгүй сайд Цэрэндоржоор манж, хятад хэлбичиг заалган, Орос улсын хүрээнээ суудаг консул Шишмаревын тусламжаар Бээжин орж хятад хэл бичиг, мөн манжийг оролдож, Хиагтын хязгаарын комиссарын яаманд манж, хятад, монгол хэлний орчуулагчийн алба 1913 он хүртэл хааж, Хаант орос, Юаншикайн Хятад, Өөртөөн засах Монгол улсын гэрээнд хэлмэрчлэн оролцож, “Эрдэнийн очир” гэдэг монгол одонгоор шагнуулж байсан. Сайн ноён хан Намнансүрэн, Ханд чин ван, түшмэл Хайсан, Цэрэнчимэд да лам тэргүүтэн тэр үед хаант Орос улсаас тусламж эрин явсан монгол төлөөлөгчдийн ажилд туслалцан оролцож, тэд мөн Дээд Шивээ, оросоор тэр үед Троицкосавск хот, одоо Хиагт хотгэж өөрчилсөн хотод Хиагтын голын эргийн гудамжинд Шишмарев гэдэг хүрээний оросконсулын танил айлын хашаа байшинг өвөг эцгийн хөрөнгөөр худалдаж, 1908 оныхавьд Хиагтын Наймаа хотын зүүнтээ эсгий гэртэй байснаа нүүн орсонд тусгаартогтнолын 1911-1913 оны үеэр Петербург орох төлөөлөгчид үргэлж хонон өнжин манай аавынхаар явдаг байсан.
Хятадаас тусгаарлан салах хөдөлгөөн үүсэж Хаант Орос, Юан Ши Кайн Хятад, Гадаад монгол гурван улсын хэлэлцээр болоход орос, монгол, хятад хэлтэйн учир тэр хэлэлцээрт хэлмэрчээр оролцож байсан билээ. Тэгээд Хүрээ, Улиастай, Хиагтын Наймаа хотод Бээжингээс гурван жилээр суудаг хятад заргачийг монгол болгоход хятадтай, оростой, манжтай монголтой, уг гарал нь манайхны хүн юм гэж Магсар хурц, Хичээнгүй Цэрэндорж, Намсрай ван, Ханд чин ван тэргүүтэн, эцгийг Хиагтын Наймаа хотын заргачийн яаманд заргачаар суулгана гэж гүнгийн зэрэг шагнаж, заргач болгох тухай хилийн комиссар Хитровой хурандаад мэдэгдсэнд орчуулагчийн албан хэрэгт осолдсон гэж мушгисанд Дээд шивээнд орос шүүхээр Хитровой комиссартай заргалдаж, орчуулагчийн албанаас бүрмөсөн чөлөө мэдүүлж байсан билээ.
Тэгж байтал нэгдүгээр дайн эхлээд, шархтан цэргийг эмчлэн сувилах сайн дурын олон нийтийн хөрөнгө тусламжаар эмчлэх отряд гэдгийг хөрөнгө хуримтлаж байгуулахад Байгалийн өмнөхи бага ястны хөрөнгөөр байгуулсан нэг отрядын төлөөлөгч нь болж, хээрийн нэгэн эмнэлэг хариуцан 1914 онд дайны газар эмнэлгийн отрядын хамт явж, Австрийнцэрэгтэй байлдах фронтод яваад 1917 онд буцаж ирсэн билээ. Зөвлөлт засагудалгүй тогтоход хилийн харуулын албаны хасаг цэргийн станцыг устгах хөдөлгөөнд оролцон, Харьяастайн станцын зургааныг буулгаж, атаман хэргэмтэй станцын эрх баригчдыг халан, сумын захиргаа байгуулалцаад, цагааны цэрэг дараа нь нутгийн Зөвлөлт засгийг устгахад, станцыг буулган устгалцахад оролцож сумын захиргаа болгосон хэрэгт цагаан цэргийн эрхтэнд баривчлагдаж Дунд шивээний улаан хуаран гэдэг орос хаант засгийн хилийн цэргийн хуаранд хоригдож байтал цагаантан дарагдаж шоронгоос мултран гарч ирсан билээ. Тэгж байтал, Хүрээнээс ХиагтынНаймаа хотод гэмин хүрч ирээд, хүрээнээс доктор Цибэгтаров гэдэг эмч (манай эцгийнахтай ураг төрөл барилдсан) Их нугын хасаг цэргийн их эмчийн мэргэжилтэй хүнэцэгт бичиг захиа явуулан, бас цааш нь уламжлуулдаг байсны дотор Кучеренко,Гембаржевскийн нэр дээр хүргүүлэх захиаг ч эцэг явуулахдаа өртөөний таних шуудангийнханд Хиагтын Наймаа хотын Норов тайжид битгий мэдэгдээрэй, яршиг түвэг өдүүлэх, хов жив, хэл аманд дуртай муу хүн гэж захидагсан. Норов тайж гэж орос ярианы үгтэй, архинд дуртай, үргэлж хөлчүү явдаг нэг тайж хүн, ХиагтынНаймаа хотын заргачийн яаманд, чухам ямар албатайгий нь бүү мэд тийм нэг хүнгэминтэй хамт алга болсондог. Сүхбаатар хил давж гарахдаа цахарын Өлзийдүүрэн гүн, тэр Норов тайж хоёроос их л болгоомжилж явсныг би санаж байна.
Гэмин Дунд шивээний улаан хуаранг эзлэн Дээд шивээнд орж ирээдхотын зөвлөлийг бүслэн, Дээд шивээний ардууд Зөвлөлөө бүслүүлсэнд жагсаал хийж хорин оны хавар эсэргүүцэл тавин, улаан даавуун дээр “Зөвлөлүүд мандтугай” гэсэн лоозон барьцгаан явахад гэмин цэрэг тархаан буудаж байсан тэр үес Эрхүүгээс Янсон гэдэг хүнээс шуудангаар бичиг захиа ирж байдагсан. Борис Шумяцкийн нэртэй утас ч ирдэг байсан. Эрхүүд монгол сонин гарах болж байна. Түүнд юм бичнэ гэж ноороглож байсныг үзсэн. Хожим Эрхүүд чулуун бараар гардаг “Монголын үнэн” гэдэг тэр сонинд гаргасныг би олж үзсэн. Одоо ч үзвэл эцгийн үг найруулгыг мэдэх тул танина. Мөн хорин оны намар Сүхбаатар хүрээнээс хүрч ирээд Наймаа хотод буулгүй, Алтанбулаг гэдэг болсон хот, тэр үед Дамбадугарын дуган, хашаа байшинтай, Улаан бургас хавийн, мөн Хиагтын Наймаа хотын зод ч нар хааяа хурал ном хийгээд байсан тэр дуганы баруун талд өргөөшөө хорин алд, уртаашаа наян алд газар олгож, Богд хаант засгаас эцгийн Хиагтын Наймаа хотын заргач болгоход орон хашаа босгох газар олгосонд нь эмэг эх салхинд нөмөрлөж, хойд талаасаа гурав дөрвөн алд халхавч сургааг өрөөсөн тал хашаа босгож, гэр малаараа оршин, яг баруун талд нь орос комиссарын харуулын цэргийн хуаран гэж нэг урт модон байшин байсанд гэмин цэрэг хуарагнаад, цэргийн ойр айл буулгахгүй, монгол захиргаанаас газар олгосон бичиг хүчингүй гэж нүүлгэхэд эцэг оролцон эмэг эхийн гэрийг нүүлгэн өөр газар тохинуулж байтал Сүхбаатар ирж, Жамъяан гүнгийн бичиг аавд өгч, хил нэвтрэхэд туслан Дээд шивээгээр цаашаа явах тухайд нь зохигчидтай нь хэлэлцэж өгнө үү гэж байсныг би санаж Сүх гэхээс Сүхбаатар гэж тэр үед хараахан алдаршаагүй, орос хасаг цэргийн монголболгочихсон цолтой гялалзсан залуу эр байсныг санаж байна. Манайхан Сүхбаатарыг хил давахдаа ташуур дотроо бичиг нуун гарсан гэдэг домог үг хойно гарч, Хувьсгалын музейн дарга байсан бүдүүн Раднабазар хотод гучаад оны үес нэг хүрэн суман ташуур музейн хашаанд гэртээ өрөмдөж байхыг би нүдээр үзсэн. Энэ яаж байгаа юм бэ? гэхэд, Сүхбаатар хил давахдаа ташуур нүхэлж, бичгээ хийж гарсан гэдэг үг бий. Түүнийг баримттай болгож музейн даргын хувиар түүхэн холбогдолтой үзмэрийн зүйл болгож музейд тавина гэж байсныг би нүдээр үзэж, чихээр сонссон.
Одоо музейд маань тэр бүдүүн Раднабазарын “бүтээсэн” ташуур, бас сонсвол, Алтанбулагт Сүхбаатарын музей байгуулахад бас нэг ташуур хийж, Зөвлөлтийн Дээд шивээ (одоо Хиагт гэж нэр сольсон) хотод музейд гуравдугаар ташуур бий болсон гэж сонслоо. Гурвуулаа зохиомол зүйл. Сүхбаатар хил нэвтлэн гарахдаа Хиагтын Наймаа хотын урд хаалгаар заргачийн яамны хажуугаар гол гудамжаар нь хойшоо хаалга гарч, хил нэвтрэх бичиг үздэг гэмингийн постоор гараагүй, Алтанбулаг гэж Зөвлөлтийн нутагт Наймаа хотоос зүүн тийш, Дамбадугарынхавийн хэдэн айлын морь малаа усалж, уух усаа тэрэгтэй нэг нь тэргэнд ачсан гангаар, тэрэггүй нэг нь хоёр дугуйтай урт модонд хувин зүүж ус барин, өглөө орой үргэлж адуу малаа усалдаг Алтанбулаг гэдэг худагт хүрэлцэн очиход, Наймаа хотын ард байдаг гэмин пост хардаг ч үгүй, газрын гүдгэрт тэр гэмин харагддаг ч үгүй, тэр худагт морио усалж нэг орой туршин явахад, би, бас миний үеийн нэг Самбуу гэдэг, хожим цэргийн дарга болсон нэг хүүтэй хамт явалцан морио услаад сүүлд тэр замаар Сүхбаатар хил санаа амар давж гарсан билээ. Би үүнийг тун сайн мэднэ. Тэр цагаас Сүхбаатарын царайг үзэж таних болсон билээ.
Сүхбаатарын гарч явснаас нилээд хойно, нилээн хүйтэн болж байх үес гэмин манай эцгийг эмэг эхийн гэрээ барьж, бичиг цаасны савтай хамт авч, Наймаа хотын заргачийн яамнаа гар хөлийн гав гинж зүүн хориод, эргүүл оруулахгүй байсан билээ. Судар бичгийн хүрээлэнгийн Жамъян сайд, миний эцгийг сайн таньдаг, надад их элэгсэг дотно байдаг тэр өтгөс эрдэмтэн намайг хүрээлэнд ажиллаж байхад, гэминд баригдаж,эрүү шүүлт тулгуулаад, эцэгт чинь захиа явуулж, Сүхбаатарт туслаарай гэж захиа явуулснаа аргагүй хүлээснээс болж эцэг чинь гэминд баригдсан нь харамсалтай боловч, ардын нам засгийн төлөө халуун сэтгэлээр туслалцаж байсан нь хожим чамд санаж явахад сайхан бий гэж байсан билээ. Эцгийг баригдахад, тэр үеийн Бүгд Найрамдах Алс Дорнод Улсын дэвсгэр нутагт хил дагуу газар, Ар Хиагт хүртэл хорин дөрвөн км газар орж, Сэлэнгийн цаад бие нь Зөвлөлт Оросын нутаг гэж байсан үүнд манай эмэг эх машид гаслан гашуудаж, Бүгд Найрамдах Алс Дорнод Улсын консулд мэдүүлэн, консул нь Эрхүүд Янсон гэдэг, мөн Шумяцки гэдэг хүнд утас явуулан, Наймаа хотод буй гэмингийн яаманд эцгийг суллахын шаардлага тавьж байсан боловч, гэмингийн эрх баригчид хүлээн хэрэгсдэггүй байсан юм. Тэгж байтал Хүрээг Барон эзэлж, гэмингийн суурь муудаад ирэхэд Бүгд Найрамдах Алс Дорнод Улсын консултай гэмингийн харилцаа эелдэг болж, Ви Гуань Фа, оросоор Быков гэдэг байсан худалдааны иргэдийн ахлагч нь консулын шаардлагыг хангана гэж консулынхнаар үзэгддэг боллоо гэж байтал, удалгүй эцгийг суллан гаргасан билээ. Эцэг гэмингийн шоронд бие зүдэрлээ гэж хөдөө бие сувилуулаар явсан хойно монгол цагаан сар болж, Алтанбулагт байсан миний багш Билигсайхан, хурал болно. Чи төлөөлөгчид цай идээ барьж үйлчил гэж, манайд гурван хоног хурал болсон.Дээд шивээний зүүн биед уулын бэлд нэг бяцхан хашаа ганц дүнзэн байшинтай Лувсангийнх гэдгийнд Сүхбаатар буудаллаж, миний дүү Норов, хурлын төлөөлөгчдийг айлд бууцгаасныг холбоо барьж явсан билээ. Энэ тухай миний дүү, Улаан-Үдэдоросоор нэг товч тэмдэглэл нийтэлсэн зүйл бий. Борисов, Элбэгдорж Ринчино, Гочитски, Балмацуу нарын зэрэг Коминтерний Алс дорнодын хэлтсээр ирсэн төлөөлөгчдийн зүс тэхэд би таньсан билээ.
1921 оны зун барон Унгерний цэрэг Хиагтын хавьд байлдах үес миний эцэг Цөхийн хошуу яам гэдэг Байгалийн өмнөх Буриад монголын нутгийн захиргаанаа гэгээрлийн хэлтсийн эрхлэгчээр сонгогдож ажиллаж байх үес Охин булаг буюу оросоор Окиноключи гэдэг тосгоны орос цэрэг эцгийг баривчлан, Охин булагт хороосон билээ. Тэр үед эцгийг Эрхүү дэх Коминтерний Алс дорнодын хэлтсээс Янсон, Шумяцки нар утас ирүүлэн дуудаж байсанд эх гомдол мэдүүлж, Коминтернийн төлөөлөгч Амгаевт эцгийг хилсээр амь үрэгдсэний холбогдолтныг шийтгүүлэхийг мэдүүлсэнд, зохигчдийг баривчилж, Бүгд Найрамдах Алс Дорнод Улсын төв Чит хотын дээд шүүхээр байцааж байна гэсэн билээ. 1972 онд Новосибирск хотод Зөвлөлтийн Академийн Сибирийн салбараар орох үес Чит хотын нэгэн түүхчин эрдэмтэн Читийн архивт 1921 онд эцгийг чинь хороосон хэрэгтнийг байцаан мөрдөхөд, ташааран эндүүрч тэр бэрх үеэр осолдож хороосон гэсэн өчиг мэдүүлэг бий. Читээр явбал хаа байгааг архиваас олж үзүүлж болно гэж байсанд, Амгаевын тэр үед тухайн гэмт хэрэгтнийг бариввчлан шийтгүүлж байгаа гэсэн нь үнэн болохыг олж мэдсэн билээ.
Миний эх Боржгин овогт Самдангийн Дулам
Хөх мичин жилтэй (1884), одоо ертэй Цогт хунтайжийн хүү Хонтгорын хүү Охин хунтайж гэдгийг угсааны хүн. Цогтхун тайжийн цэрэг, Лэгдэн хааны цэргийн хамт дарагдахад Өвөрлөгчдийн Авга хошуунд нэг сум цэрэг өрхтэй үлдэж, Охин гэдэг хүүтэй болсон нь, Охиныг эрийн цээнд хүрсэн үес Ар, Өвөр монгол Манжийг дагаж, чуулган чуулах үес (бодвол, Долнуурын чуулган болов уу? Миний эхийн хадгалдаг бичмэл түүхэнд тэр чуулганыхаа хуралдсаныг дурдсангүй) манжийг даган баясалцах хэсэг ноёд, Цогт хунтайжийг үзэн ядаж, Өөлдийн гэгээн гүүш хааныг шулмас Цогтыг дарсан гэж ач хүү болох Охиныг ар, өврийн хооронд үймүүлж байна. Олны сэтгэл эвдэн хорлож, угсаа баллаж байна гэцгээж Түмэдийн Эрдэнэ хун тайж гэдэг ноён “Чуулганд гурван хоног хутгаа гаргаж, ханцуй дотроо хумсаа авч байгаа нь урдын Цогт ноёноос илүү шулам гарах гээд байна. Авгасын дөрвөн хошуунаас гарах болж биш үү” гэж Охиныг барихаар санал гаргахад их чуулганы ноёд санал нийлж, Охиныг баривчилсанд оргож гараад, зуун тавин хуяг цэргээ ар гэрийн хамтаар дагуулан, нэхүүл цэрэгтэй тулсаар Мэнэнгийн талаар байлдан гарч, Орос улсын нутагт хүрээд, оршин суух газар нутаг олгохыг эрэн, Орос цагаан хаанд дагаар орж, гэрээ бичигт үсэг зуран, хил сахин харна хэмээн Цөх голын хавиар нутаг заалган, цэрэг өрхийн хамт дагаар орсонд орших нутагтаа нэг булаг бүхий газрыг Охин булаг гэж нэрлэцгээн нэгэн дов газар өвөлждөг болсон нь Охин дов гэж үр угсаа нь тахидаг болсон үүнээ Охин сайдынтуг гэж цагаан бартай хөх туг, өмсөж явсан хөө хуяг, ган дуулга, нум саадаг сэлмийг Охин довыг овоо босгон тахидаг болсонд 1929 он хүртэл тахиж, нэг хүн, Охин сайдын тэр тугчны удмынхнаас туг цэнгүүлэхэд хуяг дуулга өмсөн, мөнгөн агсарга бүсэнд нум саадаг, сэлэм хуягийг агсан зогсдог байсан гэдэгсэн.
1972 онд Дотоод яамны түшмэл Магсар хурц гэдэг хүн, Тагна урианхайг Ард улс болгон, Улиастайн захиргаанаас салгах асуудал үүсэн гарах үес Тагнын сайд урианхай ер нь Улиастайд хамаагүй гэдгийн баримт бий гэж Зөвлөлтийн элчин сайдынхны нэг төлөөлөгч нь Охин сайд Цагаан хаанд дагаар орж, нутаг ус олгуулав гэсэн гэрээ бичгийг Москвагаас ирүүлснийг үзүүлсэнд Монголын сайд Охин гэдгийн гарын үсэг бүхий гэрээ, ер Тагнын соёд урианхайд огт холбогдолгүй бичиг байсныг зөвлөлтийн гадаад яамныхан Охин сайд гэснийг сойод гэж ташаарснаа хүлээсэн билээ гэж байсныг үзвэл, Охин сайдын дагаар орсон гэрээ бичиг сайхан хадгалагдсаар ирсэн байна.
Миний эх Дулам монголоор уншиж чадахаас урдын заншлаар бичиг үсэгүзэхээс бичих сургууль хийгээгүй, гэрийн багш дагаж монголтой болсон. Орос ярианы үг мэдэх боловч унших төдийгөөс цаашгүй, гэрийн ажил хийсээр ирсэн хүн. Одоо Улаан-Үдэд миний дүү Норовынд байдаг.
Дүү Норов надаас хоёр дүү, хонин жилтэй. Дундад боловсролтой, багшийн мэргэжилтэй. Одоо тэтгэвэрт гарч буянаа эдлэн сууж байгаа. Зөвлөлтийн эх орны дайны үед морин цэрэгт явж, фронтын газар, Сталинград, Польш нутгаар морин цэргийн хээрийн тагнуул хийж, монгол газраас ирсэн бэлгийн мориор дайн дуустал явж, “Слава” гэдэг цэргийн одны бүх зэргийг, бас Улаан одон, Цэргийн улаан туг зэргийн гавьяаны одонтой, уг нь Норовсамбуу нэртэй боловч, цэрэгт Борис Владимирович гэж нөхөд нь нэрлэн заншаад, элэнцэг эмэг Бямбаагийн нэрээр Бимбайн гэж явснаа фронтын нөхөд нь, мөн дарга нар нь Борис Владимирович Бимбаев гэж одон шагналын нэр дэвшүүлэхэд оруулснаар овог нэр нь тийм болоод яваа гэдэг
Дүү Дамдинсүрэн, мөн охин дүү Эрдэнэ гэж байснаа цөм нас барж, ганц дүү Норов Буриад АССР-ийн Улаан-үдэ хотод эхийнхээ хамт хоёул суудаг. Дайнд явсан хойно нь гэргий нь нэгэн хүүгийн хамт салаад явсан тул, тэднийг би зүс үзээгүй, нэрийг ч мэдэхгүй. Өндөр настай эхийгээ өргөнө, ээжтэй санаа нийцэхгүй эхнэр авбал эхийн сэтгэл чилээнэ гээд гэргий дахин aвсангүй гэдэг.
