Б. Ринченгийн хэлмэгдлийн түүх

Б. Ринченгийн хэлмэгдлийн тухай тодорхой баримт бүхий энэхүү хэсгийг Г. Ловорын 1991 онд бичсэн "Соён гэгээрүүлэгч, шудрага эх оронч, их эрдэмтэн" нийтлэлээс товчлон оруулав.

30-аад оны үед их эрдэмтэн, профессор Цэвээний Жамсранд шавь орж, түүний удирдлагаар эрдэм судлалын ажил хийж эхэлсэн боловч багшийг нь “баруунтан” болгон буруутгаж, шавийг нь “намаас хөөж” сэдэвт судалгаагаа орхиход хүргэжээ. Энэ үеэс эхлэн түүнд “феодалын хэлээр” бичдэг, “үндсэрхэг үзэлтэн” гэсэн хаяг зүүж зарим бүтээлийг нь хорьж, дарж, үрэн таран болгон үгүй хийж эхэлсэн байна.

Удалгүй хэд хэдэн хэл мэддэг болсон нь гай болж,“гадаадын тагнуул” гэж сэрдэн, “ардын дайсан” болгон баривчилж түүнд цаазлах хар ял тулгав. Азаар энэ хилс ялаас амь хэлтэрсэн ч шоронгийн харгис мөрдөн байцаалт, хатуу эрүү шүүлт, залхаан цээрлүүлэлтийг таван жил эдлэн, маршалын “ивээлээр” дөчөөд оны эхээр тэр тамаас амь мэнд салжээ. Маршал хүний мөс сайтайдаа ч биш, “дэлхийн хувьсгалын их удирдагч Сталинд” үнэнчээ харуулах, нэг ёсондоо Монголын нам засгаас явуулж буй бодлогыг зөвлөлтийн дотоод явдлын яам, түүний мэргэжилтнүүдэд хянуулж таниулж байх зорилгоор “Үнэн” сониныг орос хэлээр орчуулан, орос үсгээр гаргах болсонтой холбогдуулан Ринчений хэл, мэдлэгийг ашиглах гэж шоронгоос суллаж, “аварсан” юм санжээ. Энэ тухай тэр үед МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан Ч.Сүрэнжав гуай дурсан бичсэн байна (“Утга зохиол” 1990 № 50).

Ринчен гуай сонины цаггүй ажлын зав зайгаар уран зохиол бичиж, “Цогт тайж” киногоороо Чойбалсангийн шагнал хүртсэн боловч даан удалгүй түүнд “улс үндсээ гэсэн феодалын дүрээр” түрий барьсан “үндсэрхэг үзэлтэн” гэдэг ёдор пайз зүүлгэсэн юм. Тэрхүү пайзны бичээс нь “эх орончийн үзлээр сэлэм далайсан дээдсийн төлөөлөгч” Цогт тайжаар “Монголын ард түмний төлөө сэтгэл тавигч мэтээр гаргасан” (“Үнэн” 1950, № 7) гэсэн байжээ.

Тэрхүү үзэл баримтлалаа 50-иад оны үеэр дахин сэргээж, Ринчений зохиосон “Үүрийн туяа” романыг “феодал ангийн хэлээр” бичсэнийг илчлэх зорилгоор МАХН-ын Төв Хороо уншигчдын бага хурал хийлгэн, илтгэгчдийг томилох, даалгавар өгч шүүмжлэлийн өгүүлэл, зохиол бичүүлэх ажлыг удирдан дэглэж байв. Уншигчдын бага хуралд тавьсан илтгэлдээ Г.Жамсранжав “Сюй Шю-чжан Барон Унгерн нарын үйлдсэн харгислал ба Богд Жавзандамбын ордныхны дампуурлыг хүртэл үг хайрлалгүй зурсан атлаа МАХН-ын үүсэл, хувьсгалчдын дүрийг гаргаж зурахдаа дам сургаас хэтэрсэнгүй... Ринчен шиг архаизмыг баримтлах явдлыг одоогийн утга зохиолын хэлний нормд ч, ямар нэг утга зохиолын эстетикийн бүтцэдч цагаатгаж болохгүй юм” гэжээ (“Үнэн”1953 №295).

Түүний дараа долоо хоноо ч үгүй байхад Сэнгээ “баримталдаг үзлийг нь хэлбэл идеализм, бардамладаг хэлийг нь ажвал архаизм, бахархдаг соёлыг нь үзвэл “феодализм”, багтайгаа байхыгнь харвал “социализм” гэж Ринчен гуайг гадаад үг хэлээр дайран доромжилж, улмаар “Монголын феодал ангийн бичиг зохиолын хэлийг магтагч”, “хөрөнгөтний үндсэрхэгү зэлтэн” гэж гүтгэн зарлаж (“Үнэн” 1953, № 300) хэдхэн сарын дараа “Чойбалсангийн шагнал” авах хэмжээнд хүртлээ тодорсон байна.

МАХН-ын Төв Хороо, Ринчен гуайг олон түмнээс хөндийрүүлэхийн тулд түүний зохиол бүтээлийг сонин хэвлэлд гаргахгүй байхыг хэвлэл утга зохиол хянах газарт үүрэг болгон, нэг ёсондоо нийтлэх эрхий нь далдуур хаасан байлаа.

Эсэн бусын гүтгэлгээрээ Ринченийг биш, өөрсдийн өчүүхнээ илчилснийг Г. Аким “Эмтрээ нь үгүй эрдэнэ” өгүүллээр (“Утга зохиол,урлаг” 1988 № 50) тодорхой гаргасан билээ. Ямар сайндаа “Ринченийг сайн шүүмжил, муул. Тэгвэл албан тушаал, алдар цол олдоно” гэсэн явган шог гарах билээ дээ. Түүнд оодрогсод насан турхруу болсон өвгөн эрдэмтнийг өвчилж “төрөл арилжихын” даваан дээр нь “Зохиолчийн үзэл санаа хариуцлага” (“Утга зохиол,урлаг” 1974 № 32), ”Шүүмжлэлийн шүүмжлэл” (“Үнэн” 1975 № 51), “Эрдэмтэн хүний үүрэг”(“Намын амьдрал” 1976 №2) гэсэн өгүүлэл жил дараалан бичиж, эрдэмтнийг “тэнгэрт халих морийг нь” эмээллэсэн биз.

Их эрдэмтэн ийм цаг ирж “Ардчилал өргөжин тэлэхийн хэрээр надаас тэр бүх ял зэмийг арилгана” гэдэгт бат итгэж, “насан зүг болтлоо үнэнч шударга эх оронч байж, их бага улс түмний соёлыг хүндэтгэдэг, тэр соёлын гайхамшигт дээжистэй ард түмнээ ганц биеийнхээ чадлын хэрээр танилцуулдаг интернационалч хэвээр үлдсү” гэж өөрийн баримталдаг “зарчимдаа” үнэнч хэвээр үлдсэн билээ.

Б. Ринчений дорхи өчүүлгийг Дотоод яамны тусгай архивын дарга асан Г. Дүйнхэржавын нийтлүүлсэн “Тамын тогоонд таван жил” (1991) номоос товчлон авав.

“НАМЫН ТӨВ ХОРООНЫ ТУСГАЙ КОМИССТ”

Б. Ринченээс

Миний бие 1937 оны есдүгээр сарын нэгэн шөнө гэнэт баривчлагдаад японы тагнуул хийж байсан гэдэг оргүй түмэн хилс хэрэгт тулгагдан байцаагдсан билээ. Ардын хувьсгалт төрийн хууль ёсонд байж үл болох муухай харгис эрүү шүүлт, зодуур,нүдүүр, нойр хоолгүй, өдөр шөнөгүй байцаагдан тулгуулж, японы тагнуулын байгууллагын гишүүн болсон гэж хилс хэрэг хүлээсэн билээ.

Намайг анх байцаасан орос байцаагч, украйн овогтой нэг хүн (Антипенко), хэлтсийн дарга Насантогтох, монгол байцаагч Мандалай нар чиний таньдаг хэн хэн бэ? гэж асуугаад тэд чинь цөм эсэргүү байгууллагын гишүүн мөн гээд чихэзээ эсрэг байгууллагын гишүүн болсон бэ? Хэн чамайг элсүүлсэн бэ?Тэр байгууллагад чи ямар тагнуулын ажил хийсэн бэ? гэж ийм асуудлаартулган шахаж байцаагаад тийм зүйл надад огт байхгүй гэхэд зодож нүдэж Насантогтох монгол гаансны толгойгоор миний толгойн хуйхыг цоо цохиж, байцаагч Мандалай миний хоёр гарыг төмөр утас мушгин хүлж зодож нүдсэн ор сорви одоо ч бий...

Хэлтсийн дарга Насантогтох гэж боловсрол муутай туйлын бүдүүлэг хүн байсан. Тэр орос байцаагч гэж бас амнаас нь гарч байгаа үгийг үзэхэд бас их бүдүүлэг амьтан байсан.

Хүйтэн усаар цус нөжөө угаалган толгойгоо хүйтэн ус хийлгэж худал өчиг мэдүүлэг бичиж өгөхдөө тэр япон Сузуки бил үү, Сүдзүй бил үү гэгчид Чита хотноо 1919 онд тагнуулын гишүүн болсон гэж хэрэг хүлээсэн... тэр хүний нэрийг номоос олж худал өчиг зохиохдоо намайг шүүхийн өмнө хэрэг таслах үес түмэн хилсээр худал хэрэг хүлээлгэн зодож тамласныг олны өмнө илчилж хэлнэ гэж би бодож байсан.

Удалгүй биднийг өөр өөр тасалгаанд аваачиж хорьсонд сэргийлэхийн дарга байсанШи. Аюуш, Лайпууз Ядамсүрэн, ногоон Самбуу, Дарьзав хурандаа нарын зэрэг хүн баригдаад хэргийг нь шүүхээр тасалж байна. Ёнзон хамба тэргүүтэй лам нархэргээ хүлээж байна. Бид бас худал хэрэг хүлээсэн. Үнэндээ улс орноос урвасан хэрэг хийсэнгүй гэж тэдний ярихыг сонсоод учрыг олохгүй их л гайхаж байлаа.

Тэгтэл нэгэн шөнө орой надтай байсан тэднийг хувцас хунар авах хэрэггүй, дээлээ нөмрөөд гараад ир гэхэд цагдан сэргийлэхийн дарга Аюуш айж сандрахдаа орон дор шургаж, нөгөө цэргийн дарга, байшингийн булан уруу мөлхөн зүтгэж байсныг комендант чоно Дамба чирч гаргуулан, байшингийн гудамжинд ноцолдох, хүлэх, ёолох чимээ гарахад алахаар аваачжээ гэж мэдсэн билээ.

Сэргийлэхийн дарга байсан тэр Аюуш, хоригдсон ялтан бие биеэ татаж мэдүүлдэг юм. Зэргэлдээ өрөөнийхөнтэй зуухны тушаа завсраар ярилцахдаа үнэн нэрээ хэлж болдоггүй юм гэж урьд надад захиж байсан билээ. Хожим үзэхэд нээрээ ч хоригдлууд дандаа нэрээ худлаа хэлж туурганы цаанаас пийшингийн булангийн завсраар харилцдаг байсан.

Буянчуулган надтай нүүрэлдэхдээ Ринчен бидний байгууллагын гишүүн. Байгууллагадаа 300 төгрөг тусалж байсан гэж надтай нүүрэлдсэн. Би тэр зүйл худал байсан гэж үсэг зурсан. Буянчуулган миний өөдөөс огт харж чадсангүй, нүд халтирч буруу тийшээ хараад байсан...

Цэргийн яамны орчуулагч байсан Бадмаа гэдэг хүн миний тагнуулын мэдээ зөөж байсан гэж надтай бас нүүрэлдсэн. Би их л гомдсон. Бас хөдөөгийн Пэрэнлэй цахилгааны бичээч байхдаа би Ринчений тагнуулын мэдээ утсаар нэвтрүүлж байсан гэж худал нүүрэлдсэн болой. Ерөнхий сайдын орлогч байсан Самбуу, элчин байсан Дарьзавнарын 14 хүний хэрэг тасаллаа гэж би дуулсан. Төрийн хамаг нууцыг мэдэх тэдэнтэй адил нууцыг мэдэхгүй би яагаад тэгж нууц мэдээ олж нэвтрүүлдэг билээ гэж би байцаагч нарт байцаагдахдаа мэдүүлээд огт хэрэгсэхгүй байсанд нь хэргээ таслуулахад учраа хэлнэ гэж би их л ташаарч байлаа. Тийм хилс хэргийг яасан ч олны өмнө тасалдаггүй байсан юм билээ.

... Байцаалганд шөнө бүр чирүүлэхдээ шоронгийн хаалганы цоож тар няр хийж байцаалганд хүн дуудахад яс хавтайдаг болж, яажбушуу үхдэг, алуулдаг билээ гэж боддог байсан... тэгж байтал намайг ганцаарыг минь гэрт оруулж дахин орчуулга хийлгэж байснаа нэг өдөр машинд суулгаж Төв хороонд аваачиж Иванов, Приходов, маршал, Цэдэнбал дээр оруулж, чи юм хийсэн үү? гэж асуусанд миний дотор түмэн бухимдал зангирч, хилс хэрэгт ингэж зовоож зовоож бас л дахин тарчилгах нь гэж бодсон билээ. Хилс гэж хэлбэл бас л махаа идэх болно гэж бодоод ер үнэн мөнийг олно гэдэгт бүрмөсөн итгэхээ байж, гагцхүү буудуулдаг бол түргэн буудуулж, үхэж амрах юм сан гэжбоддог болсон тул гурав дахь удаа байцаалганд орсноос бага сага холбогдолтой байсан гээд саллаа даа гэж бодлоо. Тэгээд шорондоо буцаж, хэзээ аваачиж алдаг бол? гэж бодтол нэг шөнө дууджээ. Одоо л алах нь дээ гэтэл зөвлөх Скоков дээр оруулж, чамайг одоо тавилаа. Арван жил чамайг тэнсэн харгалзана. Юмыг чинь хурааж авсны бичиг олгоно. Мөнгийг нь банкнаас аваарай. Энд байцаалгасан сонссон дуулснаа задруулж болохгүй гэдгийн баталгаа гаргаж өг гэжхатуу захиа занаа өгч тавьсан билээ.

Үхсэн бол би түмэн хилсээр амь үрэгдэхдээ хилс! гэж хашхираад буудуулан үхэх байжээ. Амьд гарсан учраас түмэн хилс хэрэгт зовсноо үнэнийг эрхэмлэсэн комисст мэдэгдэж маршалын илтгэлд намайг эсэргүү байгууллагын нэгэн удирдагч гэж үндэсгүй оргүй зүйлээр тэмдэглэсэн гашуун хилсийг хашхиран мэдүүлэхэд, хойшид энэ мэт бурангуй хилс хууль бус явдлыг бүрмөсөн хаахыг итгэж, одоо үхэвч дахин энэ мэт түмэн хилс хэрэгт эрстэхгүй нүд аних цаг ирлээ гэж итгэн үсэг зурагч Ринчен түмэн үнэн!

Маршалыг сэрүүн байхад хилс хэрэгт гүтгэгдсэнээ би нэг хэлээд үзсэн юм. Мэдлээ гэхэд нь төрийн удирдагч хүн мэджээ гэж бодоод, зохиолын нь эмхэтгэл гарахад миний нэрийг эсэргүүгийн хэрэгт оруулан дурдаагүй учраас одоо л нэг учрыг нь олжээ гэж бодож ардын төр, хүн ардынхаа тоонд багтсан намайг хилс хэрэгт чихэхгүй чухамдаа үнэнийг оллоо гэж бодож явлаа. Одоо нам, засгаас үнэн учрыг мэдэж, хойшдоо улам ч үнэн байдал тодорхой болж, худал хилс хэрэгт намайг хардахгүй биз гэж итгэж байна.