
(Энэ материалыг өөрийнх нь бичсэн гурван үеийн намтраас авав)
Ринчен миний бие.
Хөхөгчин могой жил (1905 оны 11-р сарын 21-нээ) Хиагтын Наймаа хотын зүүнтээ, одоо Алтанбулаг хот болсон газар төрсөн. Долоотойдоо Билигсайхан гэдэг манж, монголтой бичгийн хүнд шавь орж, монгол манж бичиг заалгаж, намайг төрсний хойт өдөр нь Хараагийн дар эхийн хувилгаан лам хүрч ирэн Ринчендорж гэж нэр өгөөд, хийддээ лам болгоно гэснээр нь төвд цагаан толгой, Итгэл зэргийг заалгаж байгаад, Дээд шивээний дунд сургуульд монгол сурагчид Хүрээнээс ирж орсон үес тэр дундад сургуулийн дээд ангийн нэгэн орос сурагчаар мөн Орос улсын хязгаарын комиссын манж, монгол хэлний орчуулагч Каленов гэдгийн гэрээр орос бичгийн хэл заалгаж, 1914 онд тэр Дээд шивээний орос сургуульд бэлтгэл ангид шалгуулан ороод, Октябрийн хувьсгалын үес Зөвлөлтийн хоёрдугаар шатны сургууль төгсгөөд 1920 онд манай эцгийн дээд Шивээний байшинд намын анхдугаар их хуралд багш Билигсайханы захиагаар хурлын төлөөлөгчдийг үйлчилж, цай идээгий нь оруулж, гурван хоногийн хуралд айлд буусан төлөөлөгчдийг зарлах, ирүүлэх ажилд гүйж явсан билээ.
Хиагтын Наймаа хотын гэминг ардын журамт цэрэг байлдан авч байх үед тэр байлдааныг үзэж, Сүхбаатарыг Зөвлөлтийн цэргийн дарга нартай мөн Унгарын Ротт доктортой гэмингийн Наймаа хотод энгийн иргэн, орос хятад хүнийг хороосныг комисслон үзэхэд Билигсайхан багшийг дагалдан хэл залгуулж явсан. Тэгээд Билигсайхан багш, Ардын Түр Засгийн газраас байгуулсан Хязгаарын яамны сайд болсон хойно 1921 оны дөрвөн сарын 15-нд дуудуулж, Хязгаарын яамны тал бичээчээр мөн Билигсайхан багшийн шавь Ханд гэгчтэй нэг бичээчийн орон тооны цалинг хуваан хоёулаа тал бичээч болж, энэ төрийн цалин хишиг хүртэн алба хааж эхэлсэн билээ. Мөн сайд Билигсайхан багштайгаа, бас Сүхбаатар, Лосол, Хатанбаатар Магсаржавтай Бүгд Найрамдах Алс Дорнод Улсын консул Макстенектэй албан хэрэг хэлэлцэх хэлмэрчээр олон удаа явж, Унгернийг бариад хамт хоригдсон Бишрэлт гүн Сундуйг татан авах хэлэлцээнд хэлмэрчлэн, Сундуй гүнгийн хоригдож байсан шоронд Унгернтэй хамт байхад нь багшийн хамт очиж хэрхэн яаж бароныг барьсан зэргийг бароны дэргэд нь ярьж байсныг сонссон билээ. Түүнийг хэдэн жилийн өмнө “Утга зохиол” сонинд дуртгал бичиж, Унгерн Фон Штернберг гэдгийн нэрийг монголчилбол Одон уулын муухай зант гэсэн үг болохоор тэр өгүүлэлдээ дуртган бичсэн билээ.
Сүхбаатар жанжин Хүрээ чөлөөлөхөөр мордохын өмнө намайг сургуульд явуулж өгнө гэж, ямар мэргэжлийн сургууль хийх вэ? гэж асуухад нь хязгаарын яамнаас Дээд шивээний эмэгтэй орос эмч Бурмакинаар тэр Алтанбулаг хавийн ардын дунд тэмбүү, хүйтний эм тариа хийлгэж, эмчилсэн хүний тоогоор хөлс олгож, орос хэлтэйгээр намайг өртөөний тэргэний мориор тэр эмчийн хамт долоон хоногт нэг хоёр явуулж байсны улмаас эмч болбол хэрэгтэй юм байна гэж бодсоноо хэлэхэд минь бидэнд эмч хэдий л бол хэдийг Зөвлөлт Засагт Орос Улс туслан ирүүлнэ. Өвчинд орос, монгол өвчин гэж байдаггүй юм. Монгол бичиг соёлын тухайд бидэнд өөрийн эрдэмтэн их хэрэг болно. Чи хэл бичгийн сайн сургуульд явбал дээр гэж сануулан зөвлөсөн нь одоо миний эрхлэн оролдож буй хэл соёлын мэргэжлийн замыг Сүхбаатар жанжин, холч мэргэн бодлогоор зааж өгснийг санахад, жанжны ачийг умарташгүй биширч явдаг.
Зөвлөлтөд 1924 онд дээд сургуульд явж, Ленинградын дорно дахины хэлний хүрээлэнд суралцаж байх үес яг 1925 оны намар Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академийн 200 жилийн ой болж, түүнд оролцсон монгол төлөөлөгч, Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Цэвээн доктор, Хүрээлэнгийн төвд үсгийн орчуулагч Шагш Ленинградад хүрэлцэн ирж, Академийн ерөнхийлөгч, академич Карлински, эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Олденбургтай хэлэлцэн, Цэвээн доктор тэр үеийн засгийн газрын гишүүн, Гэгээрүүлэх яамны зөвлөх байсан учир, монгол оюутны дундаас эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэж өгнө үү гэж хүсэлт тавьсанд, арван найман оюутнаас дөрвөн хүнийг жинхэнэ дундад боловсролтойн учир сонгон Академийн Азийн музей, Ленинградын их сургуулийн авиазүйн лабораторид хэл бичгийн хүрээлэнгийн хичээлээс гадуур удирдуулан монголч, академич Владимирцов; энэтхэг судлалч, академич Ольденбург; төвдөч, академич Щербатской; дорно дахины түүхч, академич Бартольд; түрэг хэлний профессор, академич Юдахин; авиазүйн тухайд академич Щерба, хэл түүхийн мэргэжилтэн, академич Марр; монголч академич Козин; нангиадач, академич Алексеев нарын есөн академичаар гурван жил тусгай лекц хичээл заалган удирдуулж, 1927 оны зун Гэгээрүүлэх яамны харьяа байсан Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, монгол хэл бичиг, ардын билиг (фольклор), угсаатны судлал, утга зохиол түүх судлал оролдсоор ирлээ.
1921 онд Алтанбулаг хотноо анх залуучуудын 7-р үүр байгуулахаар Чойбалсан, Дэжид-Одсэр хүрэлцэн ирэхэд, Чойбалсан Эвлэлийн гишүүнд элс гэж Дэжид-Одсэр бичгийн боловсролыг шалгах гэсэнд нэг орой шөнө дөл хүртэл Дэжид-Одсэр дан шүлгээр юм бичиж, хариу шүлэг бич гэж, хэд хэдэн хуудас муутуу цаас дээр хариу бичүүлэхэд асуусан зүйл ёгт тул зарим зүйлийг юу гэсэн санааг сайн ухаарахгүй боловч, лавлан асуухаас бэрхшээж, мөн битүүлэг ёгт хариу бичсэн зохиогч Дэжид-Одсэр өөрийнхөө бодсон зүйлд оноон зохицуулж их л урамшиж санаа найруулга сайн байна.
Чойбалсанд мэдэгдэнэ гэж дараа нь хурал дээр сайшаалын үг хэлж гишүүнд элссэн билээ. Ленинград хотод бидний оюутан бас эвлэлийн үүртэй байсан. Тэгээд 1929 онд Төв хорооны суртлын хэлтсээс хувьсгалт уран зохиолчдын анхны бүлгэм байгуулахад нэр оролцон, бүлгэмийн таван тэргүүлэгчийн нэгээр сонгогдож байсан. Тэр үед боржгин Дашдоржийн Нацагдоржийг гишүүн болгоно уу? гэж Хүрээлэнд надтай ажиллаж байсан Нацагдоржийн нэр дурдахад тэр үеийн суртлын хэлтсийн эрхлэгч (Гэндэн билүү, нэрийг мартжээ) тайж, сонгуулийн эрхгүй болсон хүнийг болгохгүй гэж надад хариулж байсан. Хожим, Алтанбулагт бага сургуулийн захирал байгаад, намайг мөн сургуулийн багш байх үес, сайн танил Дунгарын Чимид, КУТВ-ийн сургуулиас ирээд бүлгэмийг өөрчлөн өргөтгөхөд Нацагдоржийг МАРЗ гэдэг зохиолчдын байгууллагын гишүүн болгосон юм. Гэтэл анхны бүлгэмийн гишүүн гэж одоо бичицгээх болсон нь, тэр үеийн “Үнэн” сонинд анхны бүлгэмийн гишүүн, товчооны гишүүдийн нэрийн жагсаал нийтлээстэйд хэвлэлийн тэр баримтыг хүртэл үзээгүй санаагаар зохиож бичдэг, мөн Марксын “Капитал” орчуулж байсан гэх зэргээр бичдэг зүйл үзэгддэг нь сайн хэлэн гэсэн юмандаа бодитой баримт анхаардаггүй юм шиг санагддагийг энд дурдан хэлмээр бодогдлоо. Зүүний нугалаа завхрал эхэлж байх 1929-30 оны үес мөн сонин сонин юм өнгөрүүлэн үзсэнээ одоо эргэцүүлэн нэхэн бодоход одооны хөгжил, нийтийн ухамсар юутай өөр болж вэ? хэмээн санагдах ажээ.
Судар бичгийн хүрээлэнд 1928 оноос бэлтгэж, Ишдорж багшаар орчуулгасан Лункевичийн Түмэн бодисын судлал гэдэг 40 дэвтэр гаргах гэж, Зөвлөлтөөс зургийн бар ирүүлэн эхэлж хэдэн дэвтэр гаргаж байтал, Рубакины хэвлэн нийтэлсэн ерөнхий боловсролын үндэс тавих тэр хөөрхөн цувралыг хуучин хаант оросын балар юм гаргалаа гэж зогсоолгосон билээ. Гэтэл хэдэн жилийн өмнө Зөвлөлтийн хэвлэл тэрхүү Рубакиныг ихэд сайшаан магтаж, орос ардын боловсролд их хувь нэмэр оруулсан, соён гийгүүлэгч гэж ач гавъяагий нь тэмдэглэснийг үзвэл, тэр аятайхан зохиол нь тэр үед монголоор гарч байвал, ардын боловсролд юутай билээ. Тэнгэр, газар, цахилгаан зэргийг тайлбарлаж, шашны мухар сүсгийн эсрэг чиглүүлсэн тэр шинжлэх ухааны хялбарчлан ухуулж нэвтрүүлсэн зохиол орчуулах гэж хүч гаргасан, мөн Зөвлөлтөөс бар зургийг захиалан худалдаж авсан маань нэгэн үеийн учир мэдэхгүйгээс үрэгдсэн нь нэхэн бодоход харамсалтай боловч, яая гэхэв, тэр үеийн боловсролын хэр тийм л байж дээ гэхээс дээ. Нацагдоржийг Пушкины зохиол орчуулахад нь утга найруулгыг нь засалцан нийлж байхад Бадрах дарга Нацов зөвлөхтэйгээ хүрч ирээд та хоёр тайж помещикийн зохиол орчуулж суудаг нь юу билээ гэж зэмлэн байсныг санахад, одоо уншигч бүхэн тэр Пушкины “Анчар” тэргүүтэн зохиолыг бахархан амтархаж, тайж помещикийн зохиол гэж үздэггүйг бодоход сонин санагддаг.
Тэр үед монгол Ганжуурын байдлыг тодорхойлсон гарчиг хийж, хэн зохиосон, энэтхэгээс хэн төвд болгосон, төвдөөс хэн монгол болгосныг төгсгөлийн үгээр бүртгэн зохио гэж Хүрээлэнгээс над 1927 онд даалгасныг хийж гүйцээн, цаашид Данжуурын монгол орчуулгын гарчиг эхэлтэл, буруушаан шүүмжилж, Хүрээлэнгийнхэн Ганжуур орчуулж байна гэж зогсоох тогтоол гарч байсан билээ. Тэгтэл, Унгарын Академиас мөнхүү монгол Ганжуурын миний хийж байсан тэр гарчгийг академич Лигетигээр хийлгэж, 1943 онд хэвлүүлэн гаргаснаа монгол утга зохиолын судлалд нэртэй нэмэр орууллаа гэж бахархан үздэг байна. Гэтэл би тэр гарчигаа 1943 он гарсан хойно Хүрээлэнгээр хэвлүүлэх гээд барсангүй билээ. Одоо тэгэхэд манай Академи хөгжиж, дорно зүгийн судлалын тэр мэт зүйлийг анхаардаг болсон нь, Зөвлөлтийн хөгжил, шинжлэх ухааны бадрал нь монголд бас тусч, манай соёл хөгжиж байгаад баярлан бахдаж, есөн академич багш нарын минь заан удирдаж чиглүүлснээр нь зүтгэсээр ирсэн миний биеийг өтлөх насанд өндөр хөгжлийг үзэж зориг сэргэн буй.
Эвлэлийн гишүүнээс 25 хүрэхдээ хотын гуравдугаар хорооны намын үүрт гишүүн болоод, хоёрдугаар цэвэрлэлтийн үеэр Намнан уулын хошууны их Дамдинсүрэн нарын шалгах комисс ирж, надтай зохиолчдын бүлгэмд оролцсон тэр хүнийг 17 онд Цэвээн Жамсранов докторын зураг гартаа өргөн барьж авахуулсан зургийг нь та яасан бялдууч хүн бэ? Зургаа авахуулах мөртөө ингэж бялбуурдан авахуулж байх гэж хэлсэнд минь их л дургүйцэж байсан юм. Тэгээд шалгалтын үеэс намайг чи тэр баруунтны үүр болсон Судар бичгийн хүрээлэнд Жамсрановын удирдлагыг шүтдэг хүн биз гэж шүүмжлэн, мөн үүрийн гишүүн, Сангийн яамны сайд, Довчингоос, тэгж арай дэндүүлж байгаа юм биш үү. Эрдэмтний удирдсан газрын оюутан хүн эрдэм шинжилгээндээ удирдлагыг дагах нь журам шүү дээ гэж байсан боловч, тогтоол уншихдаа их Дамдинсүрэн мөн л үгээ хэлж, намайг яамнаас хөөсөн тушаал сонсгожээ. Тэр үес Дашдоржийн Нацагдорж гишүүнийхээ бат илэрхийлэх хураалгачихсан, Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж байсан Мэргэн Гомбожав феодал гэж намаас хөөгдөөд, би үнэн санаанаасаа намын суртал баримталдаг гэж өргөдөл өргөөд, сонинд тэр үес хөөгдсөн хүний өргөдлийг хэрэгсэхгүй болголоо гэж нийтэлж байсан үес, Судар бичгийн хүрээлэнд Базар гэдэг нэг ажилчин, Мандах гэсэн хүн, Жамьян гүн Жамсранов хоёрыг шүүмжилж бай гэж үйлдвэрчний хурал дээр хэлж байсан үес, ер дахин гишүүн болъё гэж өргөдөл өргөөд Мэргэн Гомбожав нарын адил “шургах гэсэн этгээдийн өргөдлийг хэрэгсэхгүй болголоо” гэж байснаас дотроо л сэтгэл үнэнчээр ажиллая даа гэж өнгөрүүлсэн билээ. Хожим 1934 оны үеэс Хүрээлэнгийн тэргүүлэгч гишүүн болсон Элдэв-Очирыг КУТВ-ын үеэс таних тул, ингэж ингэж би гишүүнээс хөөгдсөн юм аа гэхэд Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан тэр хүн алдаа болсон хэрэг. Чи дахиж өргөдөл өг. даах нэг гишүүн нь би болъё, нөгөө нэг нь Хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Цэеэрэгзэн чамайг таних тул болох байх гэж дурдсанд, өргөдөл гаргаж гишүүн болтол, 37 оны хоморгонд ороод, зүүд зөнд ч ороогүй юм сонсон үзэж, 1942 оны дөрвөн сард, Дотоод яамны мөрдөн байцаах шоронгийн хүрээнээс нэг шөнө гарч, хэд хоноод “Үнэн” сонинд төв хорооноос заагдан бүгд 16 жил сонины ажил хийгээд, 1956 онд Унгарт доктор зэрэг хамгаалж, 1958 онд Шинжлэх ухааны хүрээлэнд зүтгэхээр шилжин ажиллаж, Хүрээлэнг Академи болгоход Хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээс Академийн гишүүн болж, дараагаар нь Унгарын Академийн хүндэт гишүүн 1970 онд боллоо.
Засгаас “Цогт тайж” киноны зохиол зохиосонд минь Төрийн шагнал 1945 онд хүртээсэн. Тэмдгий нь аваад, мөнгөн шагналыг Ленинградын бүслэлтэнд өнчирсөн хүүхэд, өтгөст өргөж, эрдэм сургасан хотынхоо өмнө журмыг гүйцэтгэсэн. “Үнэн” сонинд байх үес “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавъяаны одон” шагнуулж, 1971 онд засгаас хоёрдахь удаагаа “Хөдөлмөрийн гавъяаны одон” хүртэж, төрийн дээд шагналын хариуг чин үнэнч хөдөлмөрөөр хариулах үүргээ үргэлж бодсоор явдаг аа.
Зөвлөлтийн зохиолчдын хорооноос ноднин, уржнан хошоод жуух бичиг гардуулж, мөхөс бие тус хоёр улсын утга зохиолын хэлхээ зузаатгахад өчүүхэн нэмэр оруулсныг тэмдэглэж, хөхүүлсэнд мөн л ах дүү хоёр орны зузаан найрамдал, харилцан утга соёлоо мэдэлцэхэд нь хирээрээ нэмэрлэхийн үүрэг бүхүйг бодож явдаг.
Энэ завсар хэвлүүлсэн зүйлийн нэрсийг бүртгэн гаргахад нэлээд цаг орох тул, дэлгэр бүртгэж чадсангүй. Орос, англи, герман, франц хэлээр нийтэлсэнэрдэм шинжилгээний өгүүлэл Зөвлөлт улс, Унгар, Польш, Чехословак, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, Холландын эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлд гарсан зүйл бий
